Коронавирусний халдварт өвчин тархахаас сэргийлэн Токиогийн зуны олимпын наадмын үеэр төр засгийн тэргүүнүүдийг дагалдан явах төлөөлөгчдийн тоог хязгаарлахыг Японы Засгийн газар улс орнуудад уриалжээ.
Гадаадын төрийн тэргүүнүүдийг дагалдан явах хүмүүсийн тоог 11-ээс хэтрүүлэхгүй байхаар хязгаарлах бол сайд нарыг хамгийн ихдээ 4 хүн дагалдан явах боломжтой аж. Хүсэлтийг гадны Элчин сайдын яамд, Үндэсний олимпын хорооны төлөөлөгчид рүү илгээжээ.
Үүнээс гадна төр, засгийн тэргүүнүүд Японд айлчлан ирэхээс өмнө 72 цагийн дотор коронавирусний шинжилгээ өгч, үзлэг шинжилгээнд хамрагдсан байх ёстой аж. Тэд тэмцээнд оролцож буй тамирчидтай уулзах боломжгүй юм. Түүнчлэн зөвхөн хуваарилагдсан тээврийн хэрэгслийг ашиглах ёстой юм байна. Арга хэмжээний үеэр өндөр дээд төлөөлөгчдийг мөн Японы Засгийн газрын ажилтнууд дагалдаж, эрүүл ахуйн арга хэмжээнүүдийг сахиулах аж.
Халдварт өвчний дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор Японы Засгийн газар Токиогийн олимпын наадамд гадны хөгжөөн дэмжигчдийг урихгүй хэмээн “Kyodo” агентлаг өмнө нь мэдээлсэн юм.