АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцох оролдлого хийснийхээ төлөө Оросын төрийн тэргүүн Владимир Путин өндөр үнэ төлнө хэмээн Жо Байден мэдэгдлээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ABC сувагт өгсөн ярилцлагадаа “Тэр хийсэн хэргийнхээ төлөө өндөр үнэ төлөх болно” гэж хэлжээ. Тэрбээр Путиний эсрэг ямар арга хэмжээ авах гэж буйгаа тодорхой тайлбарлаагүй ч үр дагавар удахгүй мэдэгдэнэ гэдгийг хэлсэн байна.
Түүнчлэн ярилцлагын үеэр сэтгүүлч түүнээс “Та Владимир Путиныг мэднэ. Түүнийг алуурчин гэж бодож байна уу?” гэж асуухад Байден “Ммм, тийм” гэж хариулжээ.
АНУ-ын Үндэсний тагнуулын газраас Орос, Иран улсууд АНУ-ын 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд нөлөөлөх гэж оролдсон хэмээх мэдээллийг цацсанаас хойш олон улсын улс төрийн тавцанд ийнхүү шуугиан өрнөөд буй юм. Жо Байдены Засаг захиргааны ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авна гэж мэдэгдсэн бөгөөд эхнээсээ шийдвэрүүд гараад эхэлжээ.
АНУ ОХУ-ыг зэвсэг экспортлох, импортлохыг бүрэн хориглосон улс орнуудын жагсаалтад оруулах шийдвэр гаргасан байна. Энэ талаар АНУ-ын Төрийн департаментын цахим хуудаст нийтлэгдсэн баримт бичигт дурджээ. Тус шийдвэр гуравдугаар сарын 18-наас хэрэгжиж эхэлнэ.