Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, олимпын аварга, МҮОХ-ын ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үндэслэлээр Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхлээд байгаа талаар өмнө нь мэдээлсэн. Энэ асуудлаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү мэдээлэл өглөө.
Тэрээр “Цагдаагийн байгууллагад дөрөвдүгээр сарын 02-ны өдрийн 21 цаг 29 минутад Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр дэх “Залуу Монгол корпораци”-ийн байранд зодоон болж байна гэх дуудлага ирсэн. Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс хэргийн газар очиж ажиллан холбогдох гэрчүүдээс тайлбарыг авсан. Хохирогч Э.Энхбатын хувьд ГССҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна. Уг хэрэгт холбогдуулан сэжигтэн Н.Түвшинбаярыг өмгөөлөгчийн хамт байлцуулан тайлбар мэдүүлэг авсан.
Энэ хэрэгт холбогдуулан сэжигтэн Н.Түвшинбаярыг хойшлуулшгүй баривчилан, хорих 461-р ангид хүргэсэн. Уг хэрэгт холбогдуулан Хан-Уулын цагдаагийн нэгдүгээр хэлтсээс Монгол Улсын эрүүгийн хуулийн 11.1-д зааснаар хүний эрүүл мэндэд санаатай хохирол учруулсан гэх зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татах саналаа прокурорт хүргүүлсэн юм. Энэхүү хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлэх болно” гэлээ.