ЭМЯ-наас коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.
Энэ үеэр ЭМЯ-наас “Өнөөдрийн /2021.04.07/ байдлаар Дундговь, Өмнөговь, Говь-Алтай гэсэн гурван аймаг л халдваргүй үлдсэн. Бусад аймагт ковидын халдвар бүртгэгдсэн” гэв.
Эмнэлзүйн шинж тэмдгийн хувьд нийт өвчтөнүүдийн 80 гаруй хувь нь хөнгөн хэлбэрээр өвчилсөн бол 317 хүний бие хүндэвтэр байгаа аж. Хүнд хүмүүсийн тоо 70 болж нэмэгджээ. Маш хүнд хүний тоо 10 болсон байна.
Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн эмнэлэгт 2583 иргэн хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Та өвчлөхгүй бол таны эргэн тойрны гурван хүн өвчлөхгүй байх магадлалтайг ЭМЯ-наас санууллаа. Иргэд та бүхэн амны хаалтаа зөв зүүж, ойр ойрхон сольж, эрүүл ахуйн дэглэмээ мөрдөөрэй.
Вакцинжуулалтын тухайд, сүүлийн 24 цагт 50374 хүнд дархлаажуулалт хийжээ. Улаанбаатар хотод вакцинд хамрагдах ёстой иргэдийн 36 хувь нь хамрагдсан байна. Улсын хэмжээнд 2 сая гаруй хүнийг вакцинжуулна гэсэн тов гарсан аж.