АНУ-ын халдварт өвчинтэй тэмцэх төв байгууллага CDC (Centers for Disease Control and Prevention) өчигдөр гаргасан зөвлөмждөө коронавирусийн эсрэг вакцинжуулалтад бүрэн хамрагдсан иргэдэд амны хаалтгүй гадуур явахыг нь зөвшөөрчээ.
Гэхдээ зөвхөн ганцаараа эсвэл адилхан вакцинжуулалтад бүрэн хамрагдсан цөөн тооны хүмүүстэй хамт байхдаа амны хаалтаа авч болохыг заасан байна.
Харин дотоод орчинд болон олон хүн цугларсан газарт амны хаалтаа зүүх зөвлөмж хэвээр үйлчлэх гэнэ.
Гадаад орчинд олон хүн цугларсан газарт байхдаа агаар солилцоо сайтай, хүн хоорондын зай хангалттай хол гэж үзвэл амны хаалтаа авч болохыг бас зөвлөсөн байна.
Өнөөдрийн байдлаар АНУ-д нийт 141 сая хүн буюу хүн амын 42 хувь нь ямар нэг хэмжээгээр вакцинжуулалтад хамрагдсанаас 95 сая гаруй нь хоёр дахь тунгаа тариулж, бүрэн дархлаажжээ.
Дээрх зөвлөмжийг АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден “том дэвшил” гэж магтсан байна.
“Манай эрдэмтэд бүрэн дархлаажсан хүмүүсийн халдвар авах болон халдвар тараах магадлал маш бага болохыг тогтоожээ. Вакцинжуулалтад хамрагдсан хүмүүст илүү боломж нээгдэхийг эндээс харж болно. Вакцин бол зөвхөн таны амийг төдийгүй эргэн тойрны хүмүүсийн тань амийг ч аврах ач холбогдолтой. Үүнээс гадна хэвийн амьдралдаа буцаж шилжихэд маань туслах юм” гэж тэр мэдэгджээ.
Байден энэ үеэр вакцинжуулалтад хамрагдахыг Америкчуудад уриалж, үүнийг “эх оронч үйлдэл” гэж нэрлэсэн байна.
АНУ-д вакцины хоёр дахь тунгаа тариулснаас хойш 14 хоногийн дараа тухайн хүнийг бүрэн дархлаажсанд тооцож байгаа юм.
Эх сурвалж: BBC