Шинэ Зеландын хүндийг өргөлтийн тамирчин Лорел Хаббард олимпын наадамд оролцсон анхны трансжендер тамирчин болох боломжтой.
2015 оноос хойш трансжендер тамирчдыг олимпод оролцохыг зөвшөөрсөн бөгөөд Хаббардын олимпод оролцох эсэх нь тавдугаар сарын 31-нд тодорхой болно. Одоогоор Хаббардын Шинэ Зеландын олимпын шигшээ багт багтаагаагүй байна.
Шинэ Зеландын эрэгтэйчүүдийн шигшээ багийн гишүүн байсан Хаббард 35 насандаа буюу 2013 онд зодог тайлсан ба тухайн жилдээ трансжендер гэдгээ зарласан юм. Өдгөө 43 настай тэрээр 2017 оны ДАШТ-нээс эмэгтэйчүүдийн ангилалд мөнгөн медаль хүртэж, 2020 оны дэлхийн цомд түрүүлж байв.
Хүндийг өргөлтийн 87 кг жинд өрсөлддөг Хаббард дэлхийн чансааны 16-д эрэмбэлэгдэж байгаа ба хэрэв олимпод оролцвол мөн хамгийн ахмад настай хүндийг өргөлтийн тамирчин болон түүхэнд үлдэнэ.
Хаббардыг олимпод оролцохыг Австрали, арлын орнууд эсэргүүцэж буй. Учир нь эрэгтэй хүний даавраас шалтгаалсан хүч тэмцээнд нөлөөлнө гэж үзэж байгаа юм.
Олон улсын олимпын хорооноос гаргасан шийдвэрийн дагуу эмэгтэйчүүдийн ангилалд оролцох трансжендер тамирчны бие дэх тестостерон /эр бэлгийн даавар/ литр тутамд 10 наномолоос бага байх шаардлагатай аж.