Газын зурвас дахь Израилийн арми болон Палестины Хамас бүлэглэлийн хоорондох мөргөлдөөн улам бүр ширүүсэж харилцан агаарын цохилт хийсний улмаас урьд шөнө 38 хүн нас барлаа.
Тодруулбла, Палестины зэвсэгт бүлэглэлүүд мягмар гаригт Израилийн Тель-Авив болон Беершеба хотуудад 200 гаруй удаа пуужингийн цохилт өгсөн юм. Үүний хариуд Израилийн тал Палестины Газа хотод 100 гаруй агаарын цохилт өгчээ.
Агаарын довтолгооны улмаас Газа дахь жирийн иргэдийн амьдардаг орон сууцны нэг барилга нурж, өөр нэг барилга эвдэрч сүйдсэн байна. Израилийн Батлан хамгаалах яамны мэдээлснээр агаарын довтолгооноор Хамас бүлэглэлийн тагнуул болон пуужин хөөргөх удирдлагын төвүүдийг бай болгосон аж
Палестины Эрүүл мэндийн сайдын мэдээлснээр Израилийн агаарын цохилтын улмаас Газа хотод 35 хүн амь насаа алдсаны дотор 10 хүүхэд байжээ. Харин Израилийн талаас гурван иргэн Хамас бүлэглэлийн пуужингийн дайралтад өртөж нас барсан аж.
Газын зурвас дахь Израилийн арми болон Палестины Хамас бүлэглэлийн хоорондох мөргөлдөөн 2014 оны дайнаас хойших хамгийн хурцадмал нөхцөл байдал хүрээд байна. Улмаар нөхцөл байдал хяналтаас гарч болзошгүй гэж олон улсын зүгээс болгоомжилж байгаа юм.