УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл өнөөдөр 29 жил харьяалагдаж явсан АН-ынхаа гишүүнчлэлээсээ татгалзаж, улс төрийн амьдралдаа шинэ хуудас эхлүүлэхээ мэдэгдсэн юм.
Тэгвэл тэрээр яг одоо улс төрийн шинэ нам байгуулж байгаа талаараа мэдээлэл хийж байна. Тэрээр “Иргэний оролцооны нэгдэл” намыг үүсгэн байгуулж, Улсын бүртгэлийн газарт бүртгүүлэн албан ёсны нэрээ авсан байна. Шинээр улс төрийн нам үүсгэн байгуулж, үйл ажиллагаа явуулахын тулд хамгийн багадаа 800-аас дээш хүн үнэт зүйл, хүсэл эрмэлзлээрээ сайн дураараа эвлэлдэн нэгдэн улс төрийн нам байгуулах учиртай. Иймээс Ц.Оюунгэрэл шинэ нам байгуулахын тулд үнэт зүйл дээрээ эвлэлдэн нэгдсэн гишүүдийг бүрдүүлэх шаардлагатай болж байгаа юм. Тэрээр шинэ намын гишүүнээр элсэх хүсэлтэй иргэдэд зориулсан аппликейшн гаргах бөгөөд тус аппаар дамжуулан намд элсэх хүсэлтэй иргэдийг бүртгэн авч, намын гишүүнчлэл үүсгэх юм байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа намын гишүүнчлэлийн бүртгэлээ эхлүүлж, 800-аас дээш хүн элсвэл Их хурлаа зарлан, улс төрийн шинэ намын үйл ажиллагаагаа эхлүүлэхээр төлөвлөсөн байна.
Ц.Оюунгэрэл шинээр үүсгэн байгуулсан нам баруун төвийн үзэл баримтлалтай байх бөгөөд энэ чиглэлд бодлого, дүрэм, мөрийн хөтөлбөр боловсруулна гэдгээ илэрхийллээ.