УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.05.13/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Хуралдаанаар УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин нарын долоон гишүүний өргөн барьсан Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Капитал” банкны асуудлыг хөндлөө.
Тэрбээр “Салан баавгайн үлгэрээр Эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын сангийн тогтолцоотой холбоотой зүйл дээр анхаарах хэрэгтэй. Жишээ нь, Б.Ундармаагийн “Капитал” банкинд 300 гаруй тэрбум төгрөгөө алдчихсан. Яагаад энэ хүмүүст хариуцлага тооцдоггүй юм” гэх асуултыг тавилаа.
Хариуд нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Капитал банк татан буугдсанаас хойш банкны эрх хүлээн авагчидтай 33 удаагийн уулзалт хийсэн. 28 албан бичиг хүргүүлсэн, 40 цахим шуудан хүргүүлсэн. Бид ажилласаар л байна. Шүүхийн шийдвэр гараагүй, үйл явц нь хэвээр явагдаж байгаа болохоор тодорхой хэмжээний хүндрэл учирч байна” гэв.
Харин УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Монголбанкныхан сайн ажиллаж байгаа юм билээ. Гагцхүү шүүх дээр л гацчихаад байгаа гэж ойлгож болно” гэх нэмэлт мэдээллийг өглөө.