Хонг Конгийн хамгийн үнэтэй дүүрэг болох Пик (Peak)-т амьдардаг хүн өнгөрсөн сард 12.5 метр квадрат талбайтай автомашины нэг зогсоолыг 10 сая хонгконг доллараар ($1.3 сая) худалдан авчээ.
Энэ нь Хонг Конгийн төдийгүй, дэлхийн хамгийн өндөр үнэтэй авто зогсоол болж байна.
Өндөр үнэ хүрсэн авто зогсоол нь Mount Nicholson нэртэй тансаг ангиллын орон сууцны хотхонд байрладаг ажээ.
Тус хотхоны орон сууцны үнэтэй харьцуулахад зогсоол ийм үнэ хүрэх үндэслэлтэйг “Centaline Property Agency” байгууллагын борлуулалтын албаны захирал Уилльям Лау орон нутгийн хэвлэлд ярьсан байна.
2017 онд Mount Nicholson хотхоны хоёр орон сууцыг хамтад нь 1.16 тэрбум хонгконг доллараар ($149 сая) зарж байжээ. Тухайн үед хэвлэлүүд тус хотхоныг “Азийн хамгийн үнэтэй хороолол” гэж өргөмжилж байв.
Авто зогсоолын өмнөх хамгийн дээд үнийг 2019 онд бас Хонг Конг хотод тогтоож байжээ.
Тухайн үед тус хотын бизнес дүүргийн “The Center” оффисын авто зогсоолыг нэгэн бизнесмэн 7.6 сая хонгконг доллараар ($979,000) худалдан авсан юм.
Сүүлийн үеийн тоо баримтаас үзвэл Хонг Конг хотын 125 оршин суугч тутмын нэг нь $5 саяас дээш хөрөнгөтэй байна. Тиймээс дэлхийн хамгийн баян хотуудын нэгд тооцогддог.
Үүнийгээ дагаад үл хөдлөх хөрөнгийн үнэ дэлхийн бусад хотуудтай харьцуулахад өндөр байдаг.
2018 онд Хонг Конгийн нэгэн хос 3.4 сая хонгконг доллараар ($433,000) Ковлун дүүргийн орон сууцны хотхонд нэг авто зогсоол худалдаж авснаа есөн сарын дараа буцааж зарахад 6 сая хонгконг долларын ($760,000) үнэ хүрсэн тухай хэвлэлүүд мэдээлж байжээ.
Эх сурвалж: Business Insider