Ерөнхийлөгчийн сонгуульд зөөврийн харьцгаар санал өгөх иргэдийн саналыг өнөөдөр өглөө 09.00 цагаас авч эхэлсэн. Зөөврийн хайрцгаар санал авах ажиллагаа орой 20.00 цаг хүртэл үргэлжлэх юм.
Тэгвэл “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбат өнөөдөр 14.00 цагт саналаа өгөх юм байна. Учир нь тэрээр “Ковид-19”-ийн халдвар авч Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд зөөврийн хайрцгаар саналаа өгөх юм.
Ерөнхийлөгчийн сонгуульд зөөврийн харьцгаар санал өгөх иргэд СЕХ-д урьдчилан бүртгүүлсэн. Энэ удаагийн сонгуульд 25 мянга гаруй сонгогч зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгөхөөр бүртгүүлжээ. Үүнийг задалбал, эрүүл мэндийн шалтгааны улмаас биечлэн санал өгөх боломжгүй 11800 иргэн байгаа бол Covid-19 халдварт өртсөн болон голомтод ажиллаж буй нийт 7051 хүн бүртгүүлсэн байна.
Улаан бүсээс санал хураалтад оролцож байгаа хүмүүс саналаа өгөхөөсөө өмнө нэг удаагийн бээлий өмсөнө. Гар тооллогын үеэр тухайн хүн саналын хуудсыг гар тооллогоор тоолохоос өмнө эрүүл мэндийн байгууллагын ажилтан амны хаалт болон бээлий зүүн гаргаж ирж, халдваргүйжүүлэх юм байна.
Дашрамд дурдахад, сонгуулийн үеэр ажиллаж буй хэсгийн хороодын ажилчид болон эрүүл мэндийн байгууллагын ажилчдад сургалт орж байгаа учраас саналын хуудсаар дамжин халдвар тархах эрсдэл бага гэдгийг СЕХ-оос мэдээлсэн.