Цагдаагийн ерөнхий газраас хар тамхи болон Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан их хэмжээний мөнгө угаах гэмт хэргийн талаар мэдээлэл өглөө.
Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалттай Аba plus гэдэг компанийн дансаар их хэмжээний валют орж ирсэн талаарх мэдээллийг Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас 2020 оны нэгдүгээр сард хэрэг нээжээ. Тухайн компани 2018 онд үүсгэн байгуулагдсанаас хойш тодорхой үйл ажиллагаа явуулаагүй мөртлөө 2018 оны дөрөвдүгээр сараас 2020 оны нэгдүгээр сарын хооронд Монгол Улсын нэр бүхий арилжааны банкуудаар дамжуулан ОХУ, Болгар, Казахстан, Узбекистан, Украин зэрэг 13 улс орноос олон удаагийн давтамжтайгаар нийт 4.6 сая евро, 3.9 сая ам.доллар буюу нийт 24.5 тэрбум төгрөгийг шилжүүлэн авчээ.
Улмаар Монголд тухайн мөнгийг оруулж ирсэн даруйдаа 1.7 сая евро, 3 сая ам.доллар буюу 7.8 тэрбум төгрөгийг БНХАУ, БНСУ, Латви зэрэг гадаадын 11 улс руу шилжүүлэх үйл ажиллагаа явуулжээ.
Дээрх үйл ажиллагаа нь мөнгө угаах шинжтэй гэж үзэн тус компанийн шилжүүлэг хийхээр захиалга өгсөн 10 орчим тэрбум төгрөгийг 2020 оны нэгдүгээр сард битүүмжилжээ.
Тус компанийг Латвийн иргэн үүсгэн байгуулжээ. Монгол Улсаар дамжуулан их хэмжээний мөнгө шилжүүлэх үйл ажиллагаа явуулсан нь илэрсэн бөгөөд дээрх иргэн 2019 оны 12 дугаар сард Монгол Улсын хилээр гарснаас хойш орж ирээгүй байна.