Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж, шүүхэд шилжүүлсэн Ж, Г нарт холбогдох эрүүгийн хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэж шийдвэрлэжээ. Шүүхийн шийдвэрт дурдсанаар, төрийн өмчит хуулийн этгээдийн удирдах албан тушаал хашиж байсан Д.Ж нь өөрийн хүү Ж.Г-тай урьдчилан үгсэн тохиролцож, албан тушаалын бүрэн эрх, нэр хүндийг хувийн ашиг сонирхолд нийцүүлэн урвуулан ашигласан нь тогтоогдсон байна.
Ингэхдээ өөртөө болон хамаарал бүхий этгээдэд эдийн засгийн давуу байдал бий болгож, гэмт хэргийн замаар олсон 700 мянган ам.долларын эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор гадаад улсад аж ахуйн нэгж байгуулан, мөнгө угаасан гэж үзжээ.
Мөрдөн шалгах ажиллагаагаар дээрх үйлдлүүдийг нотолсон бөгөөд шүүхээс шүүгдэгч нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, гэмт хэргийн замаар олсон хөрөнгийг мэдсээр байж ашигласан, эх үүсвэрийг нь нуун далдалсан гэм буруутайд тооцсон байна. Иймд шүүхээс тэднийг нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулжээ. Мөн гэмт хэргийн улмаас бий болсон орлогоос 1 тэрбум 578 сая 924 мяган төгрөгийг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.











































































