Коронавирусийн эсрэг вакцины гуравдугаар тунг өчигдөр 149 хүнд хийсэн талаар НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлжээ.
Энэ талаар Эрүүл мэндийн яамнаас тодруулахад “Цар тахлын эсрэг хариу арга хэмжээний багт ажиллаж буй хүмүүст коронавирусийн эсрэг вакцины гуравдугаар тунг өчигдрөөс хийж эхэлсэн. Энэ нь зөвхөн сайн дурын үндсэн дээр хийгдэж байгаа” гэлээ.
Засгийн газраас долдугаар сарын 28-ны өдөр өгсөн мэдээлэлд “Эрүүл мэндийн яам наймдугаар сард багтаж тодорхой зорилтот бүлэгт хандсан гурав дахь тунгийн вакцинжуулалтыг эхлүүлэх тухай төлөвлөгөөгөө өнөөдөр танилцуулсан. Одоогоор Засгийн газар, Улсын Онцгой комиссоос албан ёсны шийдвэр гаргаагүй бөгөөд судалгаа, төлөвлөлтөө хийж байх үүрэг өгсөн” гэж байв.
Манай улсад коронавирусийн эсрэг дархлаажуулалт 2021 оны хоёрдугаар сарын 23-нд эхэлсэн. Эхний тунг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хийлгэж, дараа нь Эрүүл мэндийн сайд С.Энхболд нэгдүгээр тунг хийлгэн хариу арга хэмжээний багт ажиллаж буй хүмүүс болон ард иргэддээ хандан дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж байлаа.