Баасан гарагт Дани улс коронавирусийн цар тахалтай холбоотой бүх хорио цээрийн дэглэмээ цуцалж, хэвийн амьдралд бүрэн шилжсэн Европ тивийн анхны улс боллоо.
Тус улсын хүн амын 70 гаруй хувь нь вакцинжуулалтад бүрэн хамрагдсан юм.
Зургаадугаар сард Исланд улс Европ тивд анх удаа хорио цээрийн бүх дэглэмээ цуцалж байсан ч коронавирусийн халдвар дахин нэмэгдсэнтэй холбоотой буцаан сэргээж байв.
Дани улсыг ч ийм бэрхшээл хүлээж байж болзошгүйг эрх баригчид нь хүлээн зөвшөөрч байна. “Өдөр тутмын амьдрал үндсэндээ хэвийн байдалд шилжлээ. Гэхдээ энэ нь ирээдүй маань аюулгүй болсон гэсэн үг биш. Вирус олон удаа мутацлагдан хувирч байгаа тул би баталгаа өгч чадахгүй. Гэхдээ хүн амын ихэнх хэсэг вакцинжуулалтад хамрагдсан нь найдлага төрүүлж байна” гэж Данийн эрүүл мэндийн сайд Магнус Хюнике ярьжээ.
Дани улсын 5.8 сая хүн амын 73 хувь вакцинжуулалтад бүрэн хамрагдаад байна. Насны бүлгээр нь авч үзвэл 65-аас дээш настнуудын 96 хувь нь бүрэн хамрагджээ. Пүрэв гарагаас эхлэн Данийн засгийн газар иргэдийнхээ эрсдэлтэй бүлгийг вакцины гурав дахь тунд хамруулж эхэлсэн юм.
Дани улс хэвийн амьдралд шилжсэн өдөр Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Европ дахь салбарын тэргүүн Ханс Кюге вакцин өвчний хүндрэл эндэгдлээс хамгаалах ч вирусийн мутацлагдсан хувилбарууд үргэлжлэн хүмүүсийг өвчлүүлсээр байхыг анхааруулсан байна.
Эх сурвалж: AFP