БНХАУ-ын Гаалийн байгууллага Монгол Улс дахь цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж даваа гаригт Ганцмод боомтын үйл ажиллагааг дөрвөн өдрийн хугацаатай дахин хаасан талаар “SXCoal” мэдээллээ.
Гэхдээ эх сурвалжийн мэдээлснээр ачааны машины жолооч нарын шинжилгээний үр дүнгээс хамаарч Хятадын тал өнөөдөр нүүрсний тээврийг хэвийн үргэлжлүүлэх эсэх талаар шийдвэр гаргах аж.
Ганцмод боомт дээр өнөөдрийн байдлаар Монголын түүхий коксжих нүүрсний ханш тонн тутамд 3100-3150 юаньд хүрээд байна. Харамсалтай нь, тээврийн хүндрэлээс болж экспорт тасалдсан хэвээр байгаа юм. Төсвийн тодотголоор энэ онд 28 сая тонн нүүрс экспортолж, 1.3 их наяд төгрөгийн орлого олохоор төлөвлөсөн. Гэвч 2021 оны эхний долоон сарын байдлаар нүүрсний экспортын гүйцэтгэл 35.8 хувь буюу ердөө 10.3 сая тонн нүүрс экспортлоод байна. Өөрөөр хэлбэл, нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилбэл оны эцэст нүүрсний экспортын биет хэмжээ 28 сая тоннд хүрэх ямар ч боломжгүй юм.
Нэг сайн мэдээ байгаа нь манай улсын нийт нүүрсний экспортын 95 хувийг гаргадаг Гашуунсухайт болон Шивээхүрэн боомтууд дээр “Энержи Ресурс” ХХК, “Эрдэнэс Таван толгой” ХК, “Тавантолгой” ХК гэх нүүрсний гол компаниудын хөрөнгөөр чингэлэг терминал байгуулах ажил үргэлжилж байна.
Бүтээн байгуулалтыг энэ сард дуусгахаар төлөвлөж байгаа бөгөөд чингэлэг терминал ашиглалтад орсноор нүүрсний экспортыг жилд 10 сая тонноор нэмэгдүүлэхээр тооцсон. Түүнчлэн, ковидын хатуу хяналтын үед жолооч нар хил давалгүй чингэлэг терминалд нүүрсээ буулгадаг болсноор хилийн нэвтрэх хөдөлгөөнд эерэг нөлөө болох юм.