-Хэн нэгнийг зүгээр л тэжээх гэж хууль баталсан гэж үү…
Өөрчлөлт гардаггүй, хөгждөггүй, хүн хүчний хомсдолд орчихсон, байгаа хэдэн хүнээрээ өдрийг аргацааж, хуулбарлаж, бэлэн бүтээл горьдож оромдсон зүйл хийдэг, гадны ёс бус үг хэллэгтэй кино контент, үзэн ядалт, өшөө хорслоор дүүрсэн солонгос драмаар эфирээ дүүргэсэн энэ хэдэн өргөн нэвтрүүлгийн телевизийг иргэд/үзэгчид төлбөртэй үзэж, халамжилсаар удаж байна.
Юу ч хийхгүй байж угжуулаад суудаг, үзэгчдийг “сордог”, дээрээс нь хуулиа дээдэлдэггүй ийм телевизүүдийн хэрэг байна уу.
Чаддаг нь хийж бүтээж, үзэгч түмэндээ үнэлэгдэж, хөрөнгө мөнгөө босгож, чадахгүй нь энэ зах зээлээс арчигдах ёстой. Энэ бол өрсөлдөөний нийгмийн зарчим.
Дээрээс нь хүүхэд залуусын эрхэнд шууд халдана, хүчирхийлэл, садар самуун, хар тамхитай холбоотой кино контентуудыг дуртай цагтаа нэвтрүүлж байгаа телевизүүд энэ зах зээлээс арчигдах цаг болсон.
Уг нь ХҮҮХДИЙН ТУНГАЛАГ МЭЛМИЙ, ГЭГЭЭН ОЮУНЫГ ХАЙРЛАХ НЬ ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ТЕЛЕВИЗҮҮДИЙН ХУУЛИАР ХҮЛЭЭСЭН ҮҮРЭГ БИШ БИЛҮҮ !!!
ГЭТЭЛ ТЭД ХУУЛИАР ХҮЛЭЭСЭН ҮҮРГЭЭ УРАМТАЖ, ЗҮГЭЭР Л СУУХЫГ, БЭЛЭН БҮТЭЭЛ, ГАДНЫ ҮНЭГҮЙ ОЛДСОН ОЛОН АНГИТААР ЭФИРЭЭ ДҮҮРГЭЖ БАЙНА.
Үзэгчдийн нас насны онцлогт нь таарсан, үндэсний өв соёлыг хадгалсан, соён гэгээрүүлсэн нэвтрүүлгүүдийг бусдаар хэлүүлэлтгүй хийх ёстой. Үүнийхээ төлөө тэд үзэгчдээс нэмүү өртөг шингэсэн төлбөрийг авч байгаа. Нэмэлт төлбөр төлж байгаа учраас үзэгчид бид үндэсний өв соёлоо дээдэлсэн, өгөөжтэй, үзүүштэй хөтөлбөр, нэвтрүүлгүүдийг үзэхийг шаардаж байна. Хэрвээ чадахгүй бол зах зээлийн зарчмаа даган чаддагт нь зайгаа тавьж өг. Үүнийг төлбөр төлж байгаа үзэгчийн хувьд шаардах эрхтэй гэж бодож байна…