Өргөн нэвтрүүлгийн тухай хуулиар арилжааны 18 телевизэд хураамж төлж буй зохицуулалтыг хүчингүй болгохоор иргэдийн төлөөлөл хуулийн байгууллагад удаа дараа хандсан.
Уг хуулийн заалт нь бусад хуультай уялдаа холбоогүй, шаардлага хангаагүй гэж үзэн Үндсэн Хуулийн Цэц (ҮХЦ)-д хандсан ч УИХ-ын бүрэн эрхэд хамаарах асуудал тул хэлэлцэхээс татгалзсан юм.
Тиймээс УИХ-аар хэлэлцүүлэхийн тулд иргэн Б.Пүрэв энэ сарын 15-наас иргэдээс санал цуглуулж байна.
Одоогийн байдлаар petition.parliament.mn -ээр 2,400 гаруй хүн саналаа өгчээ. Уг тогтоолыг хүчингүй болгох саналыг 30 хоногийн дотор 100,000 хүн дэмжвэл УИХ-аар хэлэлцүүлэх бүрэн боломжтой гэж иргэн Б.Пүрэв үзэж буй.
Өргөн нэвтрүүлгийн тухай хуулиар арилжааны 18 телевизэд сар бүр нэг айл өрхөөс 2,500 төгрөг суутгаж авдаг. Зөвхөн өнгөрсөн жилд гэхэд 29 тэрбум төгрөгийг хувааж авсан талаар хуульч Б.Мэргэн өмнө нь ярьж байв.
Монголын телевизүүдийн холбооноос уг төлбөрийг IPTV-гийн шаардлага хэмээн өөрсдөөсөө холдуулдаг ч тус хуулийн заалтад суутгасан төлбөрийг тус холбоонд байршуулж гишүүн байгууллагууддаа тараадаг болохыг иргэн Б.Пүрэв онцолсон. Цаашлаад дурын нэг төрийн бус байгууллага хуулийн нэрээр дээрэм хийхийг ч үгүйсгэхгүй гэж байлаа.
Өргөн нэвтрүүлгийг дэмжих санд иргэдийн төлсөн татвараас жил бүр хоёр тэрбум төгрөг цуглардаг байтлаа нэмж татвар төлөхийг иргэд эсэргүүцэж буй. Түүнчлэн өөрсдөө үздэггүй хэр нь тухайн телевизүүдэд мөнгө төлөх шаардлагатай болсонд дургүйцэх хүн олон бий.
Тиймээс сонгуулийн санхүүжилт хэлбэрээр намууд хэвлэл мэдээллийн байгууллагад төлбөрөө төлж буй нэг арга ч гэж хардах үндэслэлтэй билээ.
Улстөрчдийн суртал нэвтрүүлгийн телевизүүдийг та тэжээхийг хүсэхгүй бол энд дарж саналаа өгөөрэй