Монгол Улсын Засгийн газраас ирэх 2022 оны төсвийн төслийг өнөөдөр /2021.09.30/ Сангийн сайд Б.Жавхлан УИХ-д өргөн барилаа. Уг төсөлд төсвийн хэмнэлтийн хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тусгаад байна.
Үүнд:
-Сайд нэгээс илүүгүй зөвлөх, туслахтай байх, дэд сайд болон төрийн нарийн бичгийн дарга дундаа нэг туслахтай байна.
-Төрийн захиргааны байгууллагууд авто машин хэрэглэхгүй. Зайлшгүй шаардлагатай бол хувийн хэвшлээс түрээсээр ашиглана.
-Тэтгэвэрт гарсан хоёр албан хаагч тутамд нэг албан хаагч шинээр ажилд авна.
-Төрийн захиргааны байгууллагын албан хаагчийн ажлын нэг өдөрт нь гэрээсээ цахимаар ажиллах горимд шилжүүлнэ.
-Цэвэрлэгээ, засвар үйлчилгээ, харуул хамгаалалт, дулаан хангамж, хоол үйлдвэрлэлийг хувийн хэвшлээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлнэ.
-Албан контор шинээр барихгүй. тусгай чиг үүрэг гүйцэтгэхээс бусад байгууллага авто машин шинээр худалдаж авахгүй байна.
-Бүх шатны төрийн байгууллагын сургалт, семинар, хурал, зөвлөгөөн зохион байгуулах, албан хаагчийг мэргэшүүлэх арга хэмжээг цахимаар зохион байгуулахаар тооцож, зардлыг тэглэнэ.
-Төвсийн хөрөнгөөр кино хийхгүй, ой тэмдэглэхгүй, ном хэвлүүлэхгүй, шагнал урамшуулал олгохгүй байна.
-Засгийн газрын агентлаг нэгээс илүүгүй дэд даргатай байх, дарга нь зөвлөхгүй ажиллана.
-Цахим гарын үсэг нэвтрүүлж банк, даатгал, нотариат, тусгай зөвшөөрөл, хөрөнгө болон эрх өмчлөх, эзэмших, ашиглах, шилжүүлэх, сунгах зэрэг үйлчилгээнд ашиглах болно.