Ю.Цэдэнбал агсныг хэлмэгдсэнд тооцуулж, цагаатгуулах тухай нэхэмжлэл бүхий иргэний хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны аравдугаар сарын 5-ны өдөр хянан хэлэлцжээ.
Улмаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тухай Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээлэв.
Монгол Улсын төрийн тэргүүнээр 44 жил ажилласан Ю.Цэдэнбал, түүний гэргий А.Филатова нарыг цаг хугацааны хувьд түүх цагаатгасан боловч албан ёсоор шүүхийн шийдвэр гарч цагаатгасан баримт бичиг одоогоор байхгүй байсан юм.
2014 оны аравдугаар сарын 22-ны өдөр УИХ-ын дэд дарга Л.Цогоор ахлуулсан ажлын хэсэг Ю.Цэдэнбалыг хэлмэгдүүлсэн байна гэдэг дүгнэлтийг түүхийн бүхий л эх сурвалжуудад үндэслэж тогтоосон байдаг. Тэгвэл ийнхүү шүүхийн шийдвэр гарч албан ёсоор хэлмэгдсэнд тооцож, цагаатгалаа.