Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын мэргэжилтнүүд коронавирусийн олон мутацтай, шинэ хувилбарыг илрүүлснээ өчигдөр зарлажээ.
B.1.1.529 дугаартай шинэ хувилбар маш олон мутацтай бөгөөд Өмнөд Африкаас Ботсван, Хонконгт очсон хүмүүсээс илэрсэн байна.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага шинэ хувилбарын тухай мэдээллийг анхааралдаа авч, Баасан гарагт техникийн хурал зохион байгуулахаар зарлажээ. Уг хурлаар шинэ хувилбарыг ямар ангилалд оруулах, грек цагаан толгойн үсгээр нэрлэх эсэхийг шийдэх гэнэ.
Одоогоор Өмнөд Африкт бүртгэгдсэн нийт халдварын тохиолдлуудад геномын шинжилгээ хийхэд B.1.1.529 хувилбараар халдварласан 22 тохиолдол илрээд байгааг мэдээлжээ.
Шинэ хувилбар хамгийн багадаа 10 мутацтайг эрдэмтэд тогтоосон байна. Харьцуулбал Дельта хувилбар хоёр, Бета хувилбар гурван мутацтай байжээ.
Өнгөрсөн онд Өмнөд Африкт коронавирусийн Бета хувилбар анх бүртгэгдэж байсан юм. Тус улсад Лхагва гарагт халдварын 1,200 орчим тохиолдол бүртгэгдсэн байна. Сарын эхээр 106 тохиолдол бүртгэгдэж байсантай харьцуулбал энэ нь 10 дахин өссөн тоо юм. Коронавирусийн B.1.1.529 хувилбар Өмнөд Африкт тахлын дөрөв дэх давлагааг эхлүүлж болзошгүй гэсэн айдас бий болоод байна.
Цар тахал эхэлснээс хойш Өмнөд Африкт халдварын 2.95 сая тохиолдол батлагдаж, 89,657 хүн нас барсан нь Африкт тивдээ хамгийн өндөр үзүүлэлт юм.
Шинэ хувилбар илэрсэнтэй холбоотойгоор Их Британи, Израиль улсууд Өмнөд Африкаас ирэх зорчигчдыг хилээрээ нэвтрүүлэхгүй болсон байна.
Эх сурвалж: AFP