УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр нар мэдээлэл хийлээ.
Ч.Өнөрбаяр, 1-р сарын 13-ны өдөр ардчилсан Үндсэн хуулийн 30 жилийн ойн өдөр. 30 жилийн ой дээр нь ардчилсан Үндсэн хуулийн амин сүнсийг хулгайлах ажил явагдаж байна. Нуугаад яах вэ, манай намд байгаа ч бил үү, үгүй ч билүү хоёр гишүүн Үндсэн хуулийн цэцэд өргөдөл өгсөн. Тэрэн дээр нь цэц хэрэг үүсгэчих юм.
Хоёрхон жилийн өмнө эрх баригч намынхан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт маш сайн боллоо. Парламентын сонгодог ардчиллыг тогтоох том алхам хийлээ гэцгээж байсан. Гэтэл өнөөдөр тэр Үндсэн хууль нь болохоо байчихаж л дээ. Засгийн газрын дөрвөн гишүүн давхар дээлтэй байна гэж Үндсэн хуульд заасныг өөрчилнө гээд цэцэд хандсан. Цэцээр дамжуулж Үндсэн хуулийг самруулах ажлыг эрх баригч нар хийж байна.
Энд нь зарим нэг хүмүүс гар хөл болоод яваад байна. Ийм зарчимгүй байж болохгүй ээ. Ерөнхий сайд нь улс төрийн зорилгоор ийм явуулга хийж болохгүй. Төрийн эрх барьж байгаа хүн бүхэн ардчилсан Үндсэн хуулийг манаж, хамгаалах үүрэгтэй. Тэгэхээр энэ увайгүй алхмаа зогсоох ёстой гэсэн байр суурьтай байна. Үндсэн хуулийн цэц ч гэсэн зарчмаа барьж Үндсэн хуулийнхаа амин сүнсийг хамгаалах ёстой. Цаашид Монгол Улс парламентийн сонгодог ардчилал руугаа явах ёстой юм.
Дээр нь нэмж хэлэхэд, Эрх баригч нар Төрийн бус байгууллагын тухай хуулийг үгүй хийх гэж байна. Манай одоогийн хууль ч нэг их сайн хууль биш. Үндсэн утгаараа ТББ бол төрийн засгийн үйл ажиллагаа хянадаг, дур зоргыг нь хянаж, сөрдөг байх ёстой. Одоо бүр амьгүй болгох гэж байна. Ерөнхий сайд дэргэдээ зөвлөл байгуулаад, тэр зөвлөл нь ТББ-ын үйл ажиллагааны тайланг хянадаг, зөв бурууг нь шүүдэг болох юм байна. Ийм болж болохгүй ээ. Нэг газарт хэт их эрх мэдэл төвлөрвөл ямар аюул тулгардгийг бид нар Казахстаны жишээнээс харлаа.
Монгол Улсаас 6 дахин олон хүн амтай, 10 дахин том эдийн засагтай улс их гүрнүүдийн тоглоом болж, ямар том аюулд орж төр нийгмийн байгуулал нь тогтворгүй болж байгааг бэлхнээ харж байна.
АН-ын бүлэг чухал хуулийн төслүүд дээр санаачилга гарган ажиллана. ТББ-ын тухай хуульд ажил хэрэгчээр хандана. Авлигатай тэмцэх чиглэлээр бодит ажил хийнэ. Албан тушаалтан, сайд дарга нарыг бүгдийг нь шалгаж, үнэн худлыг ялгамаар байна. Өөрийнхөө намынхныг хамгаалж, бусдыг нь ялласнаар шударга ёс тогтохгүй. Энэ дээр АН-ын бүлэг ажиллана гэлээ.