Орон нутгийн кластер өвчлөл нэмэгдэж, хоногт батлагдах тохиолдлын тоо хэдэн мянга давж буй.
Тиймээс Улсын онцгой комиссоос цагаан сарын өдрүүдэд хэрхэн хязгаарлалт тогтоохыг аймгийн Онцгой комисс шийдвэрлэх үүрэг өгсөн.
Одоогийн байдлаар 13 аймаг хөл хорио тогтоохгүй, олон нийтийн үйл ажиллагааг хязгаарлана гэдгийг мэдэгдээд буй. Мөн зарим аймаг Улаанбаатараас зорчигч авахдаа заавал PCR шинжилгээ болон бусад бичиг баримт шаардаж байгаа гэсэн юм.
Тиймээс аймгуудтай холбогдож хотоос зорчигч нэвтрүүлэх болон хөл хорио тогтоосон эсэхийг тодрууллаа.
ЗАВХАН: ӨӨРСДИЙН ТӨЛБӨРӨӨР ШИНЖИЛГЭЭ ӨГНӨ
Завхан аймаг нэгдүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй байхаар шийдвэрлэж, цагаан сарын баярыг зөвхөн гэр бүлийн хүрээнд тэмдэглэхийг уриалсан. Тэгвэл тус аймгийн Асгат сумын онцгой комисс нэгдүгээр сарын 26-ны хуралдаанаар нэмэлтээр хэд хэдэн шийдвэрийг гаргажээ.
Тухайлбал, хөл хорио тогтоохгүйгээр Улаанбаатар хот болон бусад аймгаас ирж байгаа иргэд өөрсдийн мөнгөөр түргэвчилсэн шинжилгээ өгч гэрийн тусгаарлалтад долоо хонох шийдвэр гаргасан байна.
Мөн мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин 20 суманд тархаж, дэгдэлт зогсохгүй байна. Иймд халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, тэмцэх зорилгоор аймгийн Онцгой комиссоос олон нийтийн үйл ажиллагааг баярын өдрүүдэд огт тэмдэглэхгүй байх шийдвэрийг гаргасан байна.
Тус аймгийн онцгой комисстой холбогдож тодруулахад “Зам хаахгүй. Халдварын тархалт сүүлийн долоо хоногт буураагүй учир тогтоосон дэглэмийн дагуу ажиллана.
Өвчлөл нэмэгдэж байгаагаас гадна малын гоц халдварт өвчлөлийн тархалт, эрсдэл өндөр байна. Тиймээс баярын өдрүүдэд нэмэлтээр алба хаагчдыг томилж, хяналт тавьж ажиллах зохицуулалт хийх шийдвэр гаргасан” гэв.