Нийслэлийн Засаг Даргын шуурхай хуралдаан Хангарьд ордонд болж байна. Хурлаар зарим сургуулийн цагийг зөрүүлсэн шийдвэр нэг хэсэгт үр дүнгээ өгч, зарим хэсэгт хүлээсэн үр дүн гарахгүй байна гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдэгдлээ. Тухайлбал Нарны зам дагуух сургуулиудад өөрчлөлт гараагүй гэв.
Энэ хичээлийн жилд нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн (төрийн 152, төрийн бус өмчийн 129) ерөнхий боловсролын 281 сургуульд 340.069 суралцагч суралцаж байна.
Үүнээс Их тойрууд байрладаг буюу түгжрэлд нөлөө үзүүлж буй төрийн өмчийн 23, төрийн бус өмчийн 36, нийт 59 сургуулийг сонгон авч хичээл эхлэх, дуусах цагт өөрчлөлт оруулсан юм. Эдгээр 58 сургуульд 85207 хүүхэд суралцдаг.
Нэг цагт хэт их ачаалал үүсгэж байсныг саармагжуулан, жигд тарааснаар замын хөдөлгөөний оргил ачаалал 12 хувиар буурна гэж тооцоолжээ.
Хотын төв, түгжрэл ихтэй орчинд буюу Их тойруу болон Яармагт байрлалтай 59 сургуулийн хичээл эхлэх цагт өнөөдрөөс өөрчлөлт оруулсан юм. Энэ шийдвэрийг гаргахаас өмнө санал асуулгыг www.ulaanbaatar.mn сайтад өрнүүлэхэд санал асуулгад оролцогсдын 71 хувь дэмжжээ. Мөн энэ зохицуулалттай уялдуулан нийслэл дэх аж ахуйн нэгж, байгууллагын ажил эхлэх, тарах цагийг уян хатан болгоно.
Санал асуулгад 6214 иргэн оролцож, 4463 буюу 71.8 хувь нь дээрх зохицуулалт, өөрчлөлтийг дэмжиж буйгаа илэрхийлжээ. Харин 1751 иргэн дэмжихгүй гэсэн нь санал асуулгад оролцогчдын 28.2 хувь юм.