Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болсон. Хуралдаанаар Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төслийн явцыг хэлэлцэж, Ерөнхий сайд зарим үүрэг, чиглэлийг өгчээ.
Энэ талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа “Шинэ сэргэлтийн бодлогын төсөл арга хэмжээний гурав дахь жагсаалтад Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төсөл бичигдсэн байгаа. Засгийн газрын 2022 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн тогтоолоор энэ төсөлд шууд гэрээ байгуулахыг Төрийн худалдан авах ажиллагааны газарт даалгасан.
Үүний дагуу Төрийн худалдан авах ажиллагааны газраас ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ төслийг гуравдугаар сард эхлүүлж, аравдугаар сард дуусгах үүрэг, чиглэлийг сайд нарт өглөө.
Энэ чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор Дархан, Сэлэнгийн бүсээс Замын-Үүд, Эрээн, Хөххот, Бугат чиглэлийн 1722 километрийн маршрут Сайншанд, Зүүнбаян, Ханги, Мандал, Бугат болж 1404 км болж өөрчлөгдөнө.
Ингэснээр төмрийн хүдэр, нүүрс тээвэрлэх зай 318 километроор богиносож, тээвэрлэлтийн өргөг буурах юм” гэв.