Хөгжлийн Банкны удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Хөгжлийн Банкны дэд захирал Ж.Эрхэмбаатар “Хугацаа хэтэрсэн зээлийн эргэн төлөлтөд анхаарч ажиллаж байна. Өнөөдөр үүссэн нөхцөл байдалд нөлөөлсөн хүчин зүйл дээр нэлээдгүй судалгаа хийлээ. Нэлээд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн гэж үзээд түүнийг засах ажлыг эхлүүлж байна.
Хувьцаа эзэмшигч Монгол Улсын Ерөнхий сайдын зүгээс цаашид алдаа дутагдал гаргахгүй байх үүрэг өгсөн. Тиймээс Хөгжлийн Банкны удирдлагын баг тодорхой бодлого, төлөвлөгөө гаргаад ажиллаж байна.
Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн Банкны нэхэмжлэлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ямар шатанд яваа талаар мэдээлэл өгөх нь зүйтэй болов уу гэж бодож байна. Учир нь олон нийтийн мэдээллийг хэрэгсэл болон сошиал орчинд зээлдэгчдийн хувийн байдалтай холбоотой зөрүүтэй мэдээлэл цацагдаад байгаа тул үүнийг баталгаатай эх үүсвэрээс мэдээлэл өгөх нь зөв гэж үзсэн.
Ерөнхий мэдээлэл өгөхөд анхан шатны шүүхэд Хөгжлийн Банкны нэхэмжлэлтэй 16 хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Үүнийг үнийн дүнгээр илэрхийлбэл, 750 орчим тэрбум төгрөгийн дүн бүхий хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байгаа.
Хамгийн удаан нь “Монгол драй милк” ХХК-тай холбоотой Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхэд 886 хоногийн турш шийдэгдэж чадахгүй хугацаа алдаад явж байна.
Хоёрдугаарт, “Эрэл” компанитай холбоотой Хан-Уул дүүргийн шүүхэд хянагдаж байгаа 497 хоног шийдвэрлэгдэж чадахгүй удаа дараа хойшилж байгаа.
Түүний дараа “Монгима” компанитай холбоотой 365 хоног шийдэж чадахгүй хэрэг байна.
Хугацаа дурдаж байгаа нь зөвхөн Хөгжлийн Банктай холбоотой хэрэг биш ер нь иргэний хэргийн процесс удаан хугацаанд шийдэгддэг.
Дээрх нэр дурдсан хэргүүдээс хоёр нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн н.Уранчимэг шүүгч дээр гацсан байсан. Хоёрдугаар сарын 14-ний өдрийн Шүүхийн сахилгын хорооны хурлаар Хөгжлийн Банкны гомдлын авч хэлэлцээд н.Уранчимэг шүүгчид хариуцлага тооцсон. Гэх мэтчилэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үндэслэлгүй хойшлуулж байгаа асуудалд арга хэмжээ авч ажиллаж байна.