Хэмжээ: Өндөр 20 см, диаметр 15 см
ХIX-XX зууны эхэн үе
Музейн сан хөмрөгт хадгалагдаж буй нэгэн гоёмсог малгайг онцлон #НэгэнҮзмэрийнТүүх цувралаар танилцуулж байна. Монголчууд тэргүүндээ залдаг малгайгаа ихэд хүндэтгэн бэлгэшээж “Мандах төрийн Малгай” хэмээдэг. Малгайгаа газар тавих, бүсэлхийнээс доош тавьж хүндэтгэлгүй хандах, дээш нь харуулах зэрэг цээрлэх ёс олонтой.
ХIX-XX зууны эхэн үед төрийн ёслол болон гоёл, хүндэтгэлийн үед халх эхнэр хүн хүрээтэй хилэн малайг өмсөж байв.
Хар хилэн хүрээ улаан торгон дотортой, улаан өнгийн нарийхан хос бүчтэй, улаан утсан цацагтай, дээрээ хаан бугуйвч, хатан сүйх дүрсэлсэн, ухаа торгон хос залаатай хилэн малгай. Уул малгай нь цайвар ногоон өнгийн хивсэгтэй, алтлаг саан утсаар өлзий хээ оёсон хар өнгийн тавжидтай. Оройн хэсэгтээ бадам цэцэг хэлбэрт шармал сууринд шүр, оюу шигтгэж үйлдсэн гоёмсог сампинтай ажээ.
Эх сурвалж: Монголын Үндэсний музей / National Museum of Mongolia