“Монголдоо сайхан амьдаръя” уриатай залуусын жагсаал Сүхбаатарын талбайд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Жагсаж байгаа иргэдтэй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзаж байна.
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Өнөөдөр Монгол Улсад төдийгүй дэлхий даяар бараа бүтээгдэхүүний үнэ өссөн. Засгийн газар хуулийн төсөл оруулсан. Энэ долоо хоногт багтаж УИХ-ын гишүүдийг энэ хуулийг батална гэдэгт итгэж байгаа. Хууль батлагдсанаар 1000 төгрөгөөр өсөх бензиний үнийг тогтвортой барих боломжтой гэж тооцож байгаа. Бензинийг бид өөрсдөө үйлдвэрлэдэггүй учраас энэ тийм ч амар биш байна гэдгийг та бүхэн ойлгох хэрэгтэй. Надаас өөр хэн ч байсан, бурхан байлаа ч энэ асуудлыг шууд шийдэх боломжгүй.
Бид зах зээлийн нийгмийг сонгож авсан. Төр бүх юмны үнийг шууд тогтоодог байсан нийгэм бол 1992 оноос өмнөх үе. Бид эргээд тийм зүйлд орж болохгүй.
Гэхдээ Засгийн газраас махны үнийг буулгахын төлөө, будааны үнийг буулгахын төлөө, гурилын үнийг буулгахын төлөө, эм, эмнэлгийн хэрэгслийг таслахгүй байхын төлөө, бензиний үнийг тогтвортой барьж, буулгахын төлөө чадах бүх зүйлээ хийнэ гэдгийг та бүхэндээ амлаж байна. Гэхдээ энэ бүхэн амар биш. Засгийн газар ид шидтэн биш гэдгийг ойлгох хэрэгтэй”гэж мэдэгдлээ.