Монгол Улсын Их Сургуулийн 80 жилийн ой энэ онд тохиож байна. Өнөөдөр /2022.04.15/ ой угтсан ажлуудын нэг болох “МУИС-ийн Эрдмийн элч” аянд хамрагдаж буй МУИС-ийн ахмад багш нарыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаа боллоо.
“Эрдмийн элч” аян нь МУИС-ийн ахмад багш, профессоруудыг хөдөө орон нутагт томилон ажиллуулах бөгөөд МУИС-ийн Эрдмийн элчээр томилогдсон ахмад багш, профессорууд тухайн аймаг орон нутгийн боловсролын хэлтэстэй хамтран ажиллаж, зөвлөгөө өгөх, ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдад элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх сургалт явуулах, мэргэжлийн хичээл заах, Тухайн орон нутгийн ард иргэдэд зориулан лекц унших, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа зохион байгуулах юм.
“Эрдмийн элч” аяны эхний ээлжээр МУИС-ийн ахмад багш, доктор Г.Батсүхийг Дархан-Уул аймагт, Ц.Дашдоржийг Өвөрхангай аймагт, О.Лхагвааг Увс аймагт, Д.Монхооборыг Говь-Алтай аймагт, Д.Тунгалагийг Ховд аймагт, Б.Энхбаярыг Завхан аймагт тус тус томилон ажиллуулах бөгөөд МУИС-ийн захирал, доктор Б.Очирхуяг ахмад багш нараа хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлж, Алтан гэрэгэ гардууллаа.
Цаашид тус аяны хүрээнд 21 аймагт МУИС-ийн Эрдмийн элч ажиллах болно.
Эх орныхоо өнцөг булан бүрд эрдмийн үр тарихааар Алтан гэрэгэ өвөртлөн мордож байгаа МУИС-ийн Эрдмийн элч эрхэм профессор багш нартаа амжилт хүсье.