Өнөөдөр /2022.04.15/ МУИС-ийн Экологийн боловсролын төв болон ХБНГУ-ын Ханнс Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар хамтран, МУИС-ийн 80 жилийн ойг угтан хэрэгжүүлж буй “Тархинд мод тарья” буюу “Өсвөр үеийнхэн – Байгаль орчин ба хууль” төслийн нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулж, анхны зочдоо хүлээн авлаа. Уг төслийн хүрээнд Нийслэлийн Чингэлтэй, Баянзүрх дүүргийн, 12-оос дээш насны 5000 хүүхдийг Экологийн боловсролын төвийн байгаль орчин, танин мэдэхүйн өртөөчилсөн сургалтад хамруулах юм.
Энэхүү өртөөчилсөн сургалт нь хүүхдэд байгалийг ойртуулах, байгалийг бүх мэдрэхүйгээр мэдрэх боломжийг олгох зорилготой бөгөөд ирсэн зочид байгаль орчин, танин мэдэхүйн “Үрийн аялал”, “Манай музейн амьтад”, “Ажилсаг чийгийн улаан”, “Үл үзэгдэгчдийн мөрөөр” зэрэг 5 өртөөгөөр аялж, байгалийг бодит орчинд нь мэдэрч танилцдаг юм.
Энэ төслийн хүрээнд дээрх агуулгаас гадна хүүхдүүдэд байгаль орчны талаарх хууль, эрхзүйн анхан шатны мэдлэг олгох зорилгоор “Амьд үлдээгээч” нэртэй шинэ өртөөг бий болгон зочдоо хүлээн авч байна. Энэ өртөөгөөр аялсан хүүхдүүд Эрүүгийн хуулийн 24 дүгээр бүлэгт заасан Хууль бусаар ан агнах, Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх, Ой, хээрийн түймэр тавих зэрэг байгаль орчны гэмт хэргийн төрлүүдтэй танилцан анхны мэдэгдэхүүн, мэдлэг, мэдээлэлтэй болж, эдгээртэй холбоотой гэмт хэрэг, зөрчилд ямар хариуцлага тооцогддог, түүнээс сэргийлэхийн тулд юу хийх ёстой зэргийг мэдэж авна. Төсөл 4, 5, 9, 10 дугаар сард хэрэгжиж нийт 5000 хүүхдийг хамруулах болно.
“Тархинд мод тарья” төслийг Ханнс Зайделийн Сан ивээн тэтгэж, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Х.Булгантуяа нар дүүргийнхээ 5000 хүүхдийг уг сургалтад хамруулахад дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж, өсвөр үеийнхнийхээ сурч боловсрох, танин мэдэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буйгаараа онцлог юм.
Та бүхэнд өнөөдрийн өртөөгөөр аялсан зарим сурагчдын сэтгэгдлийг хүргэе.