Өнөөдөр хуваарийн дагуу УИХ дахь МАН, АН-ын бүлгүүд хуралдана. МАН-ын бүлгийн хуралдаанаар нийслэлийн түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх зорилго бүхий хөнгөн галт тэрэг буюу LRT гүүрэн байгууламжийн бүтээн байгуулалтын төсөлтэй холбоотой асуудлыг хэлэлцэнэ. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн дунд энэ төсөлтэй холбоотой маргаан өрнөөд байгаа.
Төсөлтэй холбоотой төсвийн асуудлыг шийдүүлэх тогтоолын төслийг өнгөрөгч баасан гарагт Төсвийн байнгын хороонд оруулсан ч Байнгын хорооны даргын дэмжлэгийг авч чадалгүй унажээ.
Үүний дараа МАН-ын зарим гишүүдийн зүгээс LRT төслийг дэмжихгүй бол УИХ-ын чуулганы үйл ажиллагаанд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Тодруулбал УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан “Улаанбаатар хотын иргэдийн эрх ашгийг хөндсөн LRT хөнгөн галт тэргийн асуудлыг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар тэргүүтэй хүмүүс Төсвийн байнгын хороонд унагаав. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын ахалдаг төсвийн байнгын хороо Улаанбаатар хотын иргэдийн эрх ашгийн төлөө LRT хөнгөн галт тэргийг чуулганаар заавал оруулж ирэх ёстой. Үгүй бол Түр хорооны 24 гишүүн чуулганы хуралд суухгүй. Төсвийн тодотголыг дэмжихгүй” гэсэн байр сууриа илэрхийлжээ.
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцоно.