Улсын бүртгэлийн ерөнхий газраас нэр бүхий иргэдийн гэрлэлтийн гэрчилгээг хүчингүй болгосон гэх асуудал олны анхаарлыг татаад байна.
Тодруулбал “Иргэн Г-ээс 2021 оны аравдугаар сард УБЕГ-т хандаад, гэрлэсний бүртгэл хүчингүй болгуулъя. Би хэзээ ч өөрийн биеэр гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлж байгаагүй, энэ гэрлэлт бол хууль бус гэх гомдол мэдээллийг өгсөн. Үүний дагуу холбогдох хяналтын улсын байцаагчийн “хүчингүй болгох” шийдвэр гарсан байдаг” хэмээн өчигдөр УБЕГ-аас мэдээлсэн юм.
Тэгвэл иргэн Я-ын нэхэмжлэлтэй Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдаан өчигдөр болжээ.
Тус шүүх хуралдаанаар иргэн Г, Я нарын гэрлэлтийг “хүчингүй болгосон” улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Өөрөөр хэлбэл, шүүхээс иргэн Я-гийн нэхэмжлэлийг бүхэлд хангасан буюу иргэн Г болон Я нарын гэрлэлтийг хүчинтэй гэж үзжээ.