Өнгөрсөн долоо хоногт болсон жагсаалын үеэр гавьяат жүжигчин Д.Сосорбарам руу гурил гэх зүйл цацсан иргэн Х.Бээжин өнөөдөр хэвлэлийн хурал хийв.
Тэрбээр “Бидний тусгаар тогтнолд Орос улс хамгийн ол үүрэг гүйцэтгэсэн. Ардын хувьсгалыг орос цэргүүдийн тусламжтайгаар 1921 онд Сүхбаатар жанжин маань амжилттай хийсэн. Халын голын дайныг бид сайн мэднэ. Японы эзлэн түрэмгийлэгчид дайрч орж ирэхэд тэд л тусалсан. Бидний тусгаар тогтнолд тус болсон ганц улс. Гэтэл нэр бүхий хүмүүс хоёр улсын зуун жилийн найрамдалт харилцааг хагалан бутаргах зорилгоор удаа дараа цуглаан зохион байгууллаа. Тиймээс эсэргүүцлээ хөнгөн хэлбэрээр илэрхийлсэн.
Мөн “Тэд дахиад жагсаал зохион байгуулна гэж яриад байгаа. Эхний удаа гурилтай очсон бол дараагийн удаа ташууртай очно. Орос Монголын зуун жил гар барьсан харилцааг хэзээ ч таслуулахгүйн төлөө цаашдаа ч тэмцэнэ. Тиймээс албан ёсны бүлгэм байгуулж байгаа. Хоёр орны харилцааг цаашид хамгаалахын тулд дотоодын дайснуудтай тэмцэхээр шийдсэн.
Миний ард ямар нэгэн хамгаалалт байхгүй. Бид өөрсдийн итгэл үнэмшлээр байгаль орчин, эх дэлхий, залуусынхаа ирээдүйн төлөө ажил хийж явдаг” гэлээ.