Дэлхийн хамгийн том брэндүүдийн нэг “McDonald’s Corp” Оросын зах зээлээс бүрмөсөн гарч байна. Ийнхүү 30 гаруй жил тус улсад үйл ажиллагаагаа явуулсан том брэндүүдийн нэг үгүй боллоо. Тус компани өнгөрсөн онд орлогынхоо есөн хувь буюу хоёр тэрбум ам.долларыг Орос, Украин улсаас бүрдүүлсэн байна.
McDonald’s ресторануудаа орон нутгийн худалдан авагчид зарах гэж байгаа бөгөөд дэлгүүрүүдэд нэр, лого, брэнд, цэсийг ашиглахыг зөвшөөрөхгүй бөгөөд Орос дахь барааны тэмдэгээ хадгалсаар байх гэнэ. Тус компани Орос дахь 62.000 ажилтнаа хэлцэл дуустал цалинжуулах бөгөөд боломжит худалдан авагчтай $1.4 тэрбумаар тохиролцох бололтой. Ямартаа ч ОХУ дахь McDonald’s ресторанууд зургадугаар сард шинэ өмчлөлийн дор дахин нээгдэх төлөвтэй байна.
Энэ шийдвэр McDonald’s-т санхүүгийн хүнд цохилт болсон ч “дайныг дэмжихгүй, санхүүжүүлэхгүй” гэдэг манлайлал нь илүү үнэлэгдэж байна.
Орос Украины дайн эхэлсэний дараа гуравдугаар сард McDonald’s тус улс дахь ресторануудаа хаах шийдвэр гаргасан юм. Тус компанийн гүйцэтгэх захирал Крис Кемпчински ажилчдад илгээсэн захидалдаа “Зарим хүмүүс хоол хүнсээр хангах, хэдэн арван мянган энгийн иргэдийг ажиллуулах бизнест дайн хамаагүй, буруу зүйл хийж байна гэж маргаж магадгүй. Гэхдээ Украины дайны улмаас үүссэн хүмүүнлэгийн хямралыг үл тоомсорлох боломжгүй” гэж мэдэгджээ.
Шинжээчид “McDonald’s”-ийг дагасан томоохон брэндүүд нэмэгдэнэ гэж найдаж байна. “Starbucks Corp” болон “Coca-Cola Co” компаниуд Орос дахь үйл ажиллагаагаа аль хэдийн түр зогсоосон байна.
Эх сурвалж: reuters