Монгол Улсад тахь адуу сэргээн нутагшуулсны 30 жилийн ой тохиож байна. Энэ талаар “Хустайн цогцолборт газар” төв, Их говийн дархан цаазат газрын Б хэсэг, “Хомын талын тахь” ТББ, “Олон улсын тахь” группээс мэдээлэл хийлээ.
Тахь нутагшуулах чиглэлээр ажилласан мэргэжилтнүүдийн нэг П.Цогтсайхан, Тахь бол манай орны унаган зүйл боловч 1960-аад онд байгальдаа устаж үгүй болсон. Тахийг эх нутагт нь сэргээн нутагшуулах ажил 1992 оны 6-р сарын 5-нд Төв аймгийн Хустайн нуруунд Чех улсын Прага хотын амьтны хүрээлэнгээс анхны 16 тахийг авчирч байлаа. Дараа өдөр нь Говь-Алтай аймгийн Тахийн талд анхны таван тахийг тээвэрлэн авчирснаар тахь нутагшуулах ажил эхэлсэн түүхтэй.
Ингэснээр:
-Хустайн нурууны байгалийн цогцолбор газарт 1992-2000 онд 84 тахь
-Говийн их дархан цаазат газрын Б хэсэгт 1992-2009 онд 131 тахь тээвэрлэж нутагшуулсан. Энэ хугацаанд Хустайн нуруунаас Говийн их дархан цаазат газар руу долоон тахь тээвэрлэн нутагшуулж, цус сэлбэх үйл ажиллагаа зохион байгуулжээ.
-Тахь сэргээн нутагшуулах үйл ажиллагаа цар хүрээгээ тэлж Завхан аймгийн Хомын талд 2004-2011 онд 27 тахь тээвэрлэн нутагшуулснаар Монгол нутагт гурван газарт тахьтай болсон.
Өнөөдрийн байдлаар:
-Хустайн нуруунд 422 тахь
-Говийн их дархан цаазат газарт – 386 тахь
-Хомын талд- 132 тахь, нийт 970 толгой тахь Монгол нутагтаа сэргээн нутагшиж, манай улс дэлхийд хамгийн олон тахьтай орон боллоо.
Дэлхийн сүүлчийн зэрлэг адуу болох тахийг сэргээн нутагшуулах ажил амар хялбар байсангүй. Улс орны эдийн засгийн хамгийн хүндрэлтэй цаг үед энэ ажлыг эхлүүлсэн.