Богд уулын дархан цаазат газраас 10 янгир барьж, Архангай аймгийн Цэцэрлэг хотын Булган ууланд шилжүүлэн тавьжээ. Ингэхдээ БОАЖЯ-ны зөвшөөрөл авсан болохыг зохион байгуулагчид онцлов.
Энэ талаар ХААИС-ийн агнуур зүйн багш Э.Магсаржав “Зэрлэг амьтан нутагшуулахад зөөлөн болон хатуу аргыг хэрэглэдэг. Энэ удаад Богдхан уулнаас 10 толгой янгирыг хатуу аргаар буюу шууд тээвэрлэн авч ирж Архангай аймгийн Булган ууланд нутагшууллаа. Хүйсийн хувьд эм янгир илүү нутагшуулсан нь өсөж, үржих давуу талтай.
Богд уулын хад асга ихтэй газар янгирын тоо толгой ихэссэн учраас зарим газраас шилжүүлэн нутагшуулах шаардлага тулгарсан. GPS системийн тусламжтайгаар эдгээр янгирыг хянах боломжтой байгаа.
Иргэд янгир нутагшуулсан Булган ууланд аялал зугаалгаар явахдаа янгируудад сөрөг нөлөө үзүүлэхгүй байх, уул руу мал их бэлчээхгүй байхад анхаарах хэрэгтэй” хэмээн ярив.
Уг төсөл цаашид таван жил хэрэгжиж, янгирын тоог 50 болгон нэмэгдүүлэх юм байна. Архангайд төгсөгчдийн холбоо 55 сая төгрөг цуглуулж, 10 янгирыг Богд уулнаас Булган ууланд нутагшуулах ажлыг зохион байгуулжээ.