Нийслэл хотын хөгжлийн бодлого, тохижилт, амралт зугаалга, ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн төлөвлөлт зэрэг асуудлаарх хэлэлцүүлэг, уулзалт өнгөрөгч Бямба гарагт болсон билээ. Энэ үеэр өнгөрсөн долоо хоногт Дугуй цагаан орчим буулгасан шавар гэрүүд байсан газарт явган аялал хийх иргэдэд зориулсан зам талбайг удахгүй барих гэж буй талаар мэдээлсэн юм.
Нийслэлийн Ерөнхий архитектор Н.Нацагдорж Улаанбаатар хотод хийхээр төлөвлөсөн амралт зугаалга, ногоон байгууламжийн талаар танилцуулахдаа Богд уулын Дугуй цагаан орчимд иргэдийн аялал зугаалга хийх орчныг бүрдүүлэх төлөвлөлтийг танилцууллаа.
Тэрбээр “Богд уулын дугуй цагаан хэмээн нэрлэж заншсан, иргэд ихээр явган аялдаг газарт 2,9 км шинэ зам барих ажлыг эхлүүлсэн ба төлөвлөлтийг гаргаж, төсвийг баталсан. Энд иргэд гэр бүлээрээ амрах, хүүхдийн тоглоомын талбайтай орчныг бүрдүүлнэ” гэсэн юм.