Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.06.15/ боллоо. Энэ үеэр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эм, эмчилгээний тулгамдсан асуудлаар хэлэлцэж гурван шийдвэр гаргасан байна. Уг шийдвэрийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд танилцуулав.
Тэрээр “Уналт таталттай хүүхдүүд өнөөдрийг хүртэл хөнгөлөлттэй үнээр эмээ авдаг байсан. Ерөнхий сайдыг чиглэл өгсний дагуу манай улсад хэрэглэгдэж байгаа олон улсын программын дагуу хэрэглэж байгаа эмийг төрөөс даах шийдвэр гаргалаа. Энэ шийдвэрийг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөр баталгаажуулна. Судалгаагаа дуусгаж албажуулан баталчихвал хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн уналт таталтын эмийг 100 хувь төрөөс даадаг болж байгаа юм.
Мөн тархины шалтгаант саажилттай хөгжлийн бэрхшээлт хүүхдүүдийн эмчилгээний асуудлыг шийдэх үүрэг ирсэн. Гадаад улсад эмчлүүлж буй хөнгөвчлөх эмчилгээний аргыг энэ онд багтаан өөрийн улсдаа хийх суурийг тавьж, эмч нарын багийг урина. Монголын эмч нар уг хагалгааг дотооддоо хийдэг болох нөхцөлийг бүрдүүлнэ. Үүний хүрээнд Энэтхэг болон Турк улсынхантай хамтрах гэрээг хэлэлцэж байна. Тархины саажилттай хүүхдэд хэд хэдэн хагалгаа хийж, чангарсан биеийн суллаж хөнгөвчилдөг. Энэ хагалгааг хийснээр хүүхдүүд алхаж гишгэх боломжтой болдог учраас үүнийг нутагшуулах зайлшгүй хэрэгцээ бий.
Халамж, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд цогцоор үзүүлэхийн тулд Сонсголонгийн эмнэлэгт анхаарахаар болсон. Үүний хүрээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цогцоор үзүүлнэ. Дэлгэрүүлбэл, тусгай зөвшөөрөл, хүний нөөцөд нь дэмжлэг үзүүлэхээр болж, ажлын хэсэг гаргасан.
Нэмэлт: Уналт таталтын эмийг Солонгосоос оруулж ирдэг иргэн бидэнд албан ёсоор хүсэлтээ өгвөл эм борлуулах эрх олгоно. Тэр хүний эм оруулж ирэхийг хориглохгүй. Зөвхөн хүсэлтээ өгч, албажуулах хэрэгтэй.