Сангийн сайд Б.Жавхлан: Өнгөрсөн санхүүгийн жилд Хөгжлийн банкны тайлан тэнцэл хэр гарав, чанаргүй зээлийн төлөлт ямар шатанд яваа зэрэг мэдээллийг өгье.
Эхний хагас жилийн байдлаар Хөгжлийн банкны чанаргүй зүйл нилээдгүй төлөгдлөө. Нийт 485 тэрбум төгрөгийн чанаргүй зээл бэлэн мөнгөөр төлөгдлөө. Ийм өндөр дүн гарахад сүүлийн долоо хоногийн хугацаанд Засгийн газар, Сангийн яам томоохон зээлүүдэд төвлөрч ажиллалаа.
Тодруулбал Хөгжлийн банкны хамгийн том зээлдэгч нарын нэг Кью-Эс-Си компани 191.1 тэрбум төгрөгийн зээлээ бүрэн барагдуулж дууслаа.
Ингэснээр Хөгжлийн банк алдагдлын сан байгуулж, энэ хэмжээгээр өөрийн хөрөнгө буурах байсан эрсдэл байхгүй боллоо.
Хамгийн сайн мэдээ нь Хөгжлийн банканд зээлжих зэрэглэлийн үнэлгээ хийдэг олон улсын агентлаг тус банкны зээлжих зэрэглэлийг Засгийн газрынхтай адилхан буюу хэвээр үлдээсэн. Энэ нь тогтвортой буюу ВВ гэсэн үнэлгээ.
2023 оны есдүгээр сард төлөгдөх ёстой байсан Евро бондын 500 сая ам.доллар, 2023 оны 12 дугаар сард төлөгдөх Засгийн газрын баталгаатай Самурай бондын эрсдэлээс тодорхой хэмжээнд гарч байна.
Зургаадугаар сарын 30-нд Монгол Улсын зээлжих зэрэглэл буурахгүй гарснаар балансаа сайжруулах бүтцийн өөрчлөлтийг хийх боломжууд гарч ирж байна.