УИХ-ын хаврын чуулган завсарлахаасаа өмнө Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Уг хуулийн төслийг баталснаар онгоцны шатахуун тонн тутамдаа 410 ам.доллароор хямдарна гэдгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон хэлсэн юм. Энэ хуулийн төслийг ирэх намрын чуулганаар үргэлжлүүлэн хэлэлцэнэ. Төслийн хэлэлцэх эсэхийг шийдэх үеэр Сангийн сайд Б.Жавхлан дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрээр “Монгол Улс шатахуун зарцуулдаг машин, онгоцтой болсон цагаас хойш шатахууныхаа хэрэглээгээр нэг улсаас хамааралтай байж ирсэн. Одоо ч хамааралтай байгаа. Цаашдаа ч хэдэн жилдээ хамааралтай байна. Дорноговийнхоо газрын тосны үйлдвэрийн бушуухан ашиглалтад оруулах хэрэгтэй байгаа. Тэр болтол бид тэсч гарах хэрэгтэй. Ялангуяа ковидтой залгаад дайны нөхцөл байдал үүссэн энэ үед тэсэх хэрэгтэй. Хоёр хөршийн маань нэг нь ковидтой, нэг нь олон хоригтой байна. Энэ нь манай улсад шууд бусаар биш бүр шууд нөлөөлж байгаа хүнд үед бид шатахууны үнийн нэмэгдлийг тогтоон барих бүх арга хэмжээг хэрэглэж байгаа.
ОХУ-аас шатахуун, газны хэрэглээгээрээ хамааралтай нэлээд хэдэн улс бий. ОХУ-д хориг тавьж байгаа улс орнууд ОХУ-ыг эдгээр оронтойгоо ямар нэгэн саадгүй худалдаа хийх эрхийг нь хязгаарлаагүй. Хүндэтгэлтэй хандаж үүнийг нь хоригтоо оруулахгүй гэдгээ мэдэгдсэн. Үүний дагуу манай улс ОХУ-тай ямар нэгэн төлбөр тооцоо хийхэд саадгүй байгаа. Гэхдээ бид ОХУ-аас авдаг шатахууныхаа хэмжээг нэмэгдүүлж дайныг санхүүжүүлэхгүй, авдаг хэрэглээгээ л авна.
Өнөөдөр манай улс ОХУ-ын өөрийнх нь дотооддоо зарж байгаа шатахууны жижиглэнгийн үнээс хямдхан үнээр шатахуун хэрэглэж байгаа. ОХУ ч гэсэн дотроо улс төртэй. Бидэнд бас зовлонгоо ярьж байна лээ. ОХУ дотор юу болж байгаа вэ гэхээр “Бид Монголд шатахуун нийлүүлдэг. Гэтэл тэд биднээс хямдхан шатахуун хэрэглэж байна. Энэ чинь ямар учиртай юм бэ” гээд ярьж байгаа” гэсэн юм.