“Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэн болон тус компанийн ерөнхий нягтлан бодогч Б нарыг хууль хяналтын байгууллагаас шалгаж байгааг эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, АТГ-ын мөрдөгчид өчигдөр Ц.Даваацэрэнгийн гэр болон албан өрөөнд нэгжлэг хийж, бичиг баримт, бэлэн мөнгө хураан авчээ. Мөн түүний албан өрөөнөөс гадна нягтлан бодогчийн өрөө, тус компанийн байранд нэгжлэг хийж, санхүүгийн бичиг баримтыг лацдаж, эд мөрийн баримтаар хураан авсан талаар эх сурвалж мэдээллээ.
Хууль хяналтын байгууллагаас Ц.Даваацэрэнг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгож, их хэмжээний авлига авсан байж болзошгүй үндэслэлээр шалгаж байгаа гэнэ. Ц.Даваацэрэн нь зүүн бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн бүтээн байгуулалтын хүрээнд баригдах төмөр замын ажлыг гүйцэтгэхдээ бусдад давуу байдал олгожээ. Тодруулбал, тэрбээр тус замын ажлыг гүйцэтгэх тендер зарлахгүйгээр, гэрээ байгуулахгүйгээр бусдад их хэмжээний мөнгө шилжүүлэх даалгавар өгчээ.
Эх сурвалжийн өгсөн мэдээллээр “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэн нь өөрийн хамаарал бүхий компанид давуу байдал олгож, гэрээ хийхгүйгээр таван тэрбум төгрөг өгсөн гэх асуудлаар шалгагдаж байгаа аж.
Ц.Даваацэрэн нь өнгөрсөн дөрөвдүгээр сард “Тавантолгой түлш” ХХК-ийн захирлаар томилсон байдаг. Тэрээр өмнө нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлаар ажиллаж байсан. Ингэхдээ эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст мөрдөн шалгагдаж 2019 оны есдүгээр сард хойшлуулшгүй ажиллагаа явуулж, баривчилж байсан билээ.