Замын түгжрэлийг хэрхэн шийдэх талаар сэтгүүлчийн асуултанд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар дараах тайлбарыг өглөө.
Тэрбээр “Түгжрэл гэдэг бол импортын машиныг хориглох, дугаар хязгаарлах байдлаарх шийдэх асуудал биш. 1970-аад оны дундуур Улаанбаатар хотын тавдугаар ерөнхий төлөвлөгөө хийх явцад тухайн үед 80 гаруй мянган автомашинтай байна гэж зураг зурагдсан юм билээ. Өнөөдрийн байдлаар Улаанбаатарын хөдөлгөөнд 600-615 мянган машин оролцож, ямар байдалтай байгааг бүгд мэдэж байгаа.
Тиймээс маш олон ажлын нийлбэр цогцоор шийдэх ёстой. Хөдөө орон нутаг руу шилжин суурьших асуудлыг төр засаг бодлогоор дэмжих хэрэгтэй. НИТХ-ын нэр бүхий төлөөлөгчид буруу рультэй автомашиныг цаашид он зааж хөдөлгөөнд оролцуулахгүй байх талаар иргэдээс санал асуулга явуулах тогтоолын төсөл боловсруулж байгаа гэж сонссон. Цаашид тойрог хурдны зам, метро, LRT, хотоос гадагшлуулах гэх мэт том төслүүд хэрэгжих хүртэл бид яах вэ гэдгээ олон нийтээр шийдүүлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байна” гэлээ.