Хөдөө аж ахуйн их сургууль, БНСУ-ын JH ENERGY компани, Олон улсын таримал судлалын хүрээлэн, Гачон их сургуультай хамтран хэрэгжүүлж буй “Нарны эрчим хүч үйлдвэрлэх системд суурилсан Монголын нөхцөлд тохирсон ухаалаг хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх” төслийн бүтээн байгуулалтын нээлт өчигдөр буюу есдүгээр сарын 20-ны өдөр болж өнгөрлөө.
СХД-ийн 21 дүгээр хороо, Жаргалант тосгонд байгуулагдсан тус ухаалаг хүлэмжийн аж ахуйн нээлтэд ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга нар болон агрономчид оролцов.
Тус ухаалаг хүлэмжийн аж ахуйн бүтээн байгуулалт нь сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэн хүлэмжийн аж ахуйн хэвийн үйл ажиллагааг хангахын зэрэгцээ илүүдэл эрчим хүчээ улсад нийлүүлэх боломжтой юм.
Мөн Монгол орны онцлогт тохирсон ухаалаг хүлэмж байгуулах жишиг загвар болж буй бөгөөд чадварлаг боловсон хүчин бэлтгэх, гидропоник системд суурилсан жилийн турш тасралтгүй тариалалт хийх боломжтой таримлын аж ахуйг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байна.
Үүний зэрэгцээ халаалтыг экологид ээлтэй, зардал хэмнэсэн нарны эрчим хүчний технологиор шийдвэрлэснээр Монголын ХАА-н салбарт олон боломж, шинэ технологийг нэвтрүүлж буй юм