Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг Увс аймгийн Өмнөговь сумын зарим иргэн өчигдөр/2022.10.04/ эсэргүүцэж байгаа бичлэг цахим орчинд тархсан билээ. Үүнтэй холбогдуулан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн удирдагч Ч.Гантулга хэвлэлд тайлбар өгчээ.
Тэрээр “Эрдэнэбүрэнгийн УЦС-ын бэлтгэл ажил нь дуусаж, газар дээрх гүний өрөмдлөгийн ажил эхлээд явж байна. Аравдугаар сарын 3-ны өдрөөс Увс аймгийн Өмнөговь сумын Улиаст багийн газар нутгаар дамжиж, УЦС-ын далангийн туннелийн ажил хийгдэх байршил дээр өрөмдлөгийн ажил эхлүүлэхээр том өрөмдлөгийн машин, экскаватор, ковш гээд түр ашиглалтын зам тавих машин механизм орох ёстой байсан. Харамсалтай нь, Өмнөговь сумын Улиаст багийн Шижигтийн хавцал руу тухайн нутгийн иргэд эсэргүүцлээ илэрхийлэн тоног төхөөрөмж болон мэргэжилтнүүдийг нэвтрүүлсэнгүй… Иргэдийн хийж байгаа ажиллагаа нь хууль бус. УЦС-ыг барих газар нутгийг Монгол Улсын Засгийн газар шийдвэр гаргаж улсын тусгай хэрэгцээнд авсан…
Яг одоогийн байдлаар бужигнаан зогссон. Иргэдийг ямар нэг байдлаар гэмтээж, хохироохгүйн тулд машин механизмуудыг нэг хэсэгт бөөгнүүлж тавьсан байна. Ер нь иргэд тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдэг зүйлийг хэлсэн. Маргаашаас хүүхдүүдээ авчирч суулгана, хоноглуулна, гэр барьж зам хаана гэсэн зүйл ярьж байна. Энэ нь өөрөө бүгд хууль бус ажиллагаа” гэжээ.