УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт агаарын тээврийн компаниудтай хамтран мэдээлэл хийлээ. Цаашид агаарын тээврийн либералчлалд анхаарч, олон чиглэлд хямд үнээр тав тухтай нисэхэд анхаарч ажиллахаар болсон байна.
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт: Онгоцны шатахууны үнийг хямдруулах зорилготой байна. Онгоцны билет өндөр байгаа нь шатахуунтай холбоотой. Манай агаарын тээврийн компаниуд дэлхийн зах зээлийн үнээс 500 гаруй доллараар өндөр үнэтэй шатахуун авч нисдэг. Тиймээс Засгийн газар үүнд анхаарч ажиллах болно. “Эрчис Ойл” компанийн зардлын 40 гаруй хувийг шатахууны зардал эзэлдэг. Үүнийг бууруулж чадвал билетийн үнэ 8-10 хувиар буурах боломжтой.
Авто тээврийнхэн, нийтийн тээврийн автобусууд, төмөр замаар зорчигчид НӨАТ төлдөггүй бол дотоодын нислэгийн компаниуд НӨАТ төлдөг. НӨАТ-ын төлөлтийг ижил тэгш болгож, шийднэ. НӨАТ төлөхгүй байх боломжийг бүрдүүлнэ. Мөн орон нутгийн нислэгийг сэргээх хүрээнд татаас олгоно.
Тухайлбал, 2012 онд дотоодын нислэгээр 250 гаруй мянган зорчигч нисэж байсан бол 2021 онд 25 мянга болж, 10 дахин буурсан байна. Мөн 2012 онд дотоодод 10 гаруй чиглэлд нисдэг байсан бол одоо хоёрхон чиглэлд нисдэг болсон. Өөрөөр хэлбэл, Ховд, Баян-Өлгий аймгийн чиглэлд байнгын нислэгтэй. Өмнөговь руу уул уурхайн компаниудын чиглэлд нислэгтэй. Бусад нислэг үндсэндээ тасарсан байдалтай байна. Тиймээс орон нутгийн нислэгт дэмжлэг үзүүлж, зорчигчдыг 50 хувийн хөнгөлөлттэй нисгэхэд төвлөрч ажиллана. Энэ хүрээнд авиа компаниуд арилжааны банкуудаас зээл авахад 7 хувийн хүүгийн дэмжлэг үзүүлэхээр болсон. Өөрөөр хэлбэл, авсан зээлийнх нь 7 хувийг төр хариуцна гэсэн үг юм” гэлээ.