Төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдийн тоогоор Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэмэгдүүлэх хуулийн зохицуулалт хэрэгжиж байна хэмээн НДГ-аас мэдээлэв.
Хуульд заасны дагуу төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авч 6 нас хүртэл хүүхдээ өсгөсөн эхийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаан дээр төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор 1 жил 6 сарыг нэмж тооцох заалттай. Уг хуулийн заалтыг 2017 онд нэмж оруулан баталжээ.
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛИАС:
Шимтгэл төлсөн хугацаа
3.5.Төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авч зургаан нас хүртэл хүүхдээ өсгөсөн эхийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаан дээр төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор нэг жил зургаан сарыг нэмж тооцно.
4.2.Төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол өсгөсөн эх 20-оос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 50 нас хүрсэн бол өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.
Өндөр насны тэтгэвэр авах эрх
4.1.Даатгуулагч нь нийтдээ 20-оос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-оос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно.