“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын “Цахим Монгол” зорилтын хүрээнд хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарыг бүхэлд нь цахимжуулах, иргэдэд цаг хугацаа, орон зайнаас үл хамааран төрийн үйлчилгээг шат дамжлагагүй, түргэн шуурхай хүргэх тогтолцоог бүрдүүлэх зорилгоор Хөдөлмөрийн зах зээлийн бүртгэл, мэдээллийн цахим шилжилт болох “Ejob” платформыг хөгжүүлэн нээхэд бэлэн болоод байна.
Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн систем “Ejob” платформын хэрэглэгчийн сургалтыг Улаанбаатар хотод 2022 оны 11 дүгээр сарын 08-11-ний өдрүүдэд зохион байгуулж байна.
Сургалтад 21 аймаг, 9 дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн дарга, албадын дарга, хөдөлмөр, эрхлэлт хариуцсан мэргэжилтэн нарын бүрэлдэхүүнтэй нийт 299 оролцогч хамрагдаж байна.
Сургалтаар “ХУР”, “ДАН” зэрэг төрийн мэдээллийн бусад системтэй холбогдсон 11 модуль, дэд системүүдээс бүрдсэн шинэ платформ дээр хэрхэн ажиллах, “job matching” буюу ажил хайгч, ажил олгогчдыг орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан хэрхэн ажилд зуучлах талаарх мэдлэгийг салбарын албан хаагчид эзэмших юм.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар сургалтыг нээж хэлсэн үгэндээ, Иргэн бүрт төрийн үйлчилгээг ил тод, нээлттэй, түргэн шуурхай, чирэгдэлгүй, хүртээмжтэй хүргэх, төрийн албан хаагчид бүхий л шатандаа иргэндээ хүрч ажиллах, тэдний санал бодлыг сонсох дэмжих замаар төрийн бодлого шийдвэрт тусган хэрэгжүүлэх, төр иргэнтэйгээ байнгын уялдаа холбоотой ажиллахад хөдөлмөрийн зах зээлийн нэгдсэн систем бодит дэвшил үзүүлэхийг онцоллоо.
Энэхүү системийг тус яамнаас энэ оны 12 дугаар сард багтаан нээхээр төлөвлөн ажиллаж байна.