Дэлхийн хүн ам 11 дүгээр сарын 15-ны өдөр 8 тэрбум болсон. Энэ өдөр дэлхийн найман тэрбум дахь хүн Филиппинд төрсөн гэсэн мэдээлэл гарч байсан юм. Мөн өөр олон оронд ч найман тэрбум дахь хүүхдийг тодруулсан бөгөөд учир нь улс орон бүр бэлгэдлийн чанартайгаар ийнхүү тодруулах боломжтой байдаг аж.
Филиппин, Армени, Беларусь зэрэг олон орон дэлхийн найман тэрбум дахь хүнийг зарласан бол Австрали улс Канберрад төрсөн хүүг найман тэрбум дахь хүн хэмээн зарлажээ. Энэ хүү нь Монгол хүү бөгөөд Анандын Мэргэн гэдэг талаар Канберра Таймс сонин мэдээлсэн байна.
Энд дуулгахад, дэлхийн зарим орон 11 дүгээр сарын 15-ны өдрөөс ч өмнө дэлхийн найман тэрбум дахь хүн аль хотод нь төрөх талаар тодорхойлж байсан юм. НҮБ-ын Хүн амын сангийн мэдээлснээр, найман тэрбум дахь хүнийг сонгох ёслол нь бэлгэдлийн чанартай бөгөөд улс орон бүр өөрсдийн хүсэлтээр тухайн өдөр төрж буй хүүхдүүдээс аль нэгийг сонгон, онцгойлох боломжтой байдаг аж. Учир нь дэлхийн найман тэрбум дахь хүн чухам хаана төрсөн гэдгийг тодорхойлох боломж хомс байдаг бөгөөд секунд тутамд 2,6 хүүхэд дэлхий дээр мэндэлдэг гэнэ.