Мягмар гарагт ОХУ-д үйлдвэрлэсэн пуужин Польшийн хил орчмын тосгоны нутаг дэвсгэрт унаж, дэлбэрэн хоёр иргэний аминд хүрчээ.
Одоогоор пуужинг хаанаас харвасан, пуужин яагаад Польш улсын нутаг дэвсгэрт унасан тухай тодорхой мэдээлэл байхгүй байгаа юм. CNN агентлагаас мэдээлснээр пуужин Польшийн Прзеводов мужид унасан бөгөөд пуужин унах мөчид ОХУ-аас Украины хотууд руу олон тооны пуужин харваж байсан гэнэ. Улмаар улс орнуудын зүгээс Польш улсад болсон дэлбэрэлтэд ОХУ-ыг буруутай байж болзошгүй гэж сэжиглэж байгаа ажээ.
Үйл явдлын хүрээнд Польш улсын ерөнхий сайд Матеуш Моравецки Польшийн Үндэсний Аюулгүйн Зөвлөлийг яаралтай хуралдуулсан байна. Хурлын хүрээнд тэд цэргийн бэлэн байдал зарласан юм.
Харин ОХУ-ын зүгээс болсон явдлыг “санаатай өдөөн хатгалга” хэмээн тодорхойлж, тэдний зүгээс Украин-Польшийн хилийн ойролцоо бүсийг онилон ямар ч дайралт хийгээгүй гэдгээ мэдэгдсэн юм. Үүгээр ч зогсохгүй, Оросын талаас дэлбэрэлтэд Украин улсыг буруутгаж, тус улсын төрийн хэвлэлээс Оросын пуужингууд Польш улсын нутаг дэвсгэрт хүрэх хүчин чадалгүй харин Украины хэвийн бус ажиллагаатай S-300 загварын пуужингийн систем Польш хүрэх боломжтой гэж мэдээлжээ.
Хэрэв пуужинг ОХУ-аас харвасан нь тогтоогдвол, Польш улс НАТО-ийн Дөрөвдүгээр зүйлийг идэвхжүүлж, улмаар НАТО-ийн гишүүн орнууд нэгдсэн хариу арга хэмжээ аван дайны цар хүрээг улам тэлэх эрсдэлтэй юм.
Эх сурвалж: The Reuters