“Эрдэнэс Тавантолгой” ХК жагсаалд Монголын Оюутны Холбоог ашиглаж, удирдлага руу нь мөнгө шилжүүлсэн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэв.
Тэрбээр “Иргэд нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон хүмүүсийн нэрсийг ил тод зарлахыг шаардаж төв талбай дээр жагссан. Иргэдийн тэрхүү шаардлагын дагуу мөрдөн шалгах ажиллгаа илүү эрчимжэж байгаа. Үнэхээр зүрх сэтгэлийнхээ дуудлагаар улс оронд шударга ёсыг тогтоох, иргэдийнхээ амьдрал ахуйг дээшлүүлэх, төр засгийн бодлогыг үгүйлж шаардсан хэсэг иргэдийн нэгдэл байна.
Үүний хажуугаар захиалгатай, улс төрийн тогтворгүй байдлыг бий болгохыг зорьж байгаа, нүүрсний хулгайн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа хүмүүсийн нэгдэл байгаа гэдгийг иргэдэд хэлмээр байна. Сүүлийн жилүүдэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бүхий л удирдах албан тушаалд Монголын оюутны холбооны үе, үеийн удирдлагууд томилогдож ирсэн.
Тухайлбал, МОХ-ны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Б.Ганхуяг, Б.Энхтүвшин, дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Х.Батсайхан, удирдах зөвлөлд ажиллаж байсан хүмүүс ЭТТ ХК-д маш олоноор ажилласан. Мэдээж баг бүрдэж ажилласныг үгүйсгэхгүй.
Тэгвэл өнөөдрийн жагсаал, цуглааныг зохион байгуулахад дээр дурдсан хүмүүсийн төлөөллөөс одоогийн МОХ, тэр дундаа их дээд сургуулиудын оюутны зөвлөлийн удирдлагуудад ажиллаж байсан хүмүүсийн дансанд их хэмжээний мөнгө шилжүүлсэн баримтыг Эрүүгийн цагдаагийн газраас илрүүлсэн.
Өөрөөр хэлбэл, олон нийтийн шударга ёс хүсэмжилсэн жагсаал, цуглааныг өөрсдийн нүүрсний хулгайн булхайг дэлгүүлэхгүй байхыг тэд хүсэж байна. Магадгүй төрийн ордон руу дайрч орж засаг төрийн хямрал үүсгэх гэсэн бусармаг жагсагчид байгаа” гэв.